Утас: 99353511     Э-шуудан: ceomongol@gmail.com

​"SURPRISE" ДҮҮРЭН ШИНЭ ЖИЛИЙН ҮДШИЙН ЦЭНГҮҮН

​

"Гэрэл асаая" чадавхжуулах хөтөлбөрийн 100 гаруй залуус шинэ жилийн нэгдсэн цэнгүүнээ өнгөрөгч 12 сард зохион байгуулж, нэгэн үдшийг хамтдаа дуулж бүжиглэн, баярлаж өнгөрүүллээ.

Өнгөрсөн хугацаанд "Гэрэл асаая" хөтөлбөр гурван удаа зохион байгуулагдаж, нийт 150 залуу төгссөн. Залуус санаачлалаараа клуб байгуулж нийгэмд чиглэсэн эерэг давлагаа, уриалга гаргаж, сайн дурын ажил явуулсаар ирсэн.

Тэгвэл энэ үдэш залуус өөрсдөдөө цаг гаргаж хөгжилдөхөөс илүү, улиран одож буй 2022 оныхоо үйл ажиллагааг дүгнэн, ирж буй шинэ ондоо амжилт бүтээлийн арвин их олзтой байх тухай хэлэлцсэн юм.

Үдэшлэг гэнэтийн бэлгээр дүүрэн байсан бөгөөд клубийн үйл ажиллагаа олон улсын хамтын ажиллагаагаар өргөжин тэлж буйд гишүүд баяр талархал дүүрэн байв.

Тодруулбал, өнгөрөгч 8 дугаар сард Япон улсын GOOD олон улсын байгууллагаас 15 ажилтан ирж сайн дурын ажил хийгээд буцсан. Улмаар 10 дугаар сард GOOD байгууллага "Гэрэл асаая" клубийн 16 гишүүнийг Япон улсад урьсан юм. Гишүүд Японы Яманаши хотын Дайбусацу тосгонд ахмадын амралтын суурин засах ажилд оролцоод ирсэн.

Тэгвэл энэ удаа Турк улс руу клубийн 16 гишүүн зорчиж олон улсын хамтын ажиллагаа улам өргөжих болсон тухай мэдээ гэнэтийн бэлэг байлаа. Энэ үйл ажиллагааг "Гэрэл асаая" клуб энэ сардаа багтаан зохион байгуулах бөгөөд Турк улсын олон нийтийн байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг үйлдэн, цаашид зорилтот бүлэгт чиглэсэн ажилд хамтрахаар боллоо.

Баяр дээр баяр нэмж хөгжөөнт тоглоом, азын сугалаа зарлагдсанаас гадна дуучин Т.Дэлгэрмөрөн, "Сүнс", "Rainy day" хамтлаг ая дуугаа өргөж үдэшлэг улам ч доргио болсон. Мөн ЭДБЧ-ын авьяаслаг уран бүтээлчдийн сэтгэл хөдөлгөм тоглолтууд тансаг байв.

Түүнчлэн клубийн гишүүдийн болон хөтөлбөрийн оролцогчдын мэндчилгээ шар үс босгом гайхалтай байсныг ч тодотгох нь зүйтэй. Авьяаслаг, адтай, цогтой, золбоотой хөтлөгч "Хүүш Дамдин" ч гишүүдийг жинхэнэ утгаар нь хөгжөөгөөд өгсөн. Бидний үдэшлэг мартагдашгүй дурсамж үлдээж, урам зориг хайрлалаа.

Calm Lounge Erdenet зохион байгуулалтын үйл ажиллагааг төгс гүйцэтгэж, ганган чимэглэл, тансаг зоогоор бэлэг барив. Сониноос шинэ жилийн зоог ананастай тахиа, зурагтай таваг төдийхөн биш болсныг бидний баяр нотолно.


Go to top of page