Утас: 99353511     Э-шуудан: ceomongol@gmail.com

"ГЭРЭЛ АСААЯ" КЛУБИЙН ЗАЛУУС "GOOD" ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН УРИЛГААР ЯПОН УЛСАД САЙН ДУРЫН АЖИЛ ХИЙЛЭЭ

Өнгөрөгч 8 дугаар сард Япон улсын "The Global Organization Of Dreamers" сайн дурын байгууллагын залууc "Бат-өлзийн Бат-Эрдэнэ сан"-ийн урилгаар Эрдэнэт хотод 14 хоног ажиллаж, "Гэрэл асаая клуб"-ийн залуустай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны Орхон салбар "Гэрэл" төвийн байрны гадна болон дээвэр засварын ажил хийж, гүйцэтгэсэн. Түүнчлэн Монголын ёс заншил, уламжлал, соёл, хээр тал, мал аж ахуйтай танилцсан юм. Мөн энэ үеэр ББ САН-ийн дэргэдэх "Гэрэл асаая клуб", GOOD олон улсын байгууллага 5 жилийн хугацаатай хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэсэн.

Уг санамж бичгийн хүрээнд Япон улсын "The Global Organization Of Dreamers" сайн дурын байгууллагын урилгаар "Гэрэл асаая клуб"-ийн 16 сайн дурын гишүүн 2022 оны 10 дугаар сарын 18-25-ны өдрүүдэд Япон улсыг зориод ирсэн.

"Гэрэл асаая" клубийн залуус Японд газардмагцаа Яманаши мужийг зорьсон байна. Учир нь залуус Фүжи уулын хормойдох Дайбүсацу тосгонд байрлах, Камбэева уул руу алхах замд таарах амралтын бяцхан сууринд сайн дурын ажил хийсэн. Тодруулбал, тус бүс нутгийг ихэнхдээ алхах сонирхолтой аялагчид зорьдог бөгөөд тэднийг замдаа түр амс хийхэд зориулан барьсан, Дэлхийн хоёрдугаар дайны үеэс ашиглагдаж буй 8 бяцхан, нэг том модон байшин угтжээ. Клуб, GOOD байгууллагын залуус хамтран тус газрын гадна орчин болон байшингуудын доторхыг цэвэрлэж, шаардлага хангахааргүй болж муудсан байшинг буулгав. Ажиллах явцад гарсан хог хаягдлыг цаас, төмөр, мод, пластик зэргээр төрөлжүүлэн ангилж, зориулалтын машинд ачсан гэв. Залуус амрах гэхээсээ илүү сайн дурын ажил хийж, ахмадуудад тусалж тэдний амьдрах орчныг сайжруулахад өөрсдийн хувь нэмрээ оруулж, дурсамж бүтээж байгаадаа баяртай байсан.

Ажлын гурав дахь өдөр залуус ажлаа эрт дуусгаад алдарт Фүжи сан уулаа ойроос харахаар Камбэева уулын оргил өөд алхжээ. Ажлын сууринаас 1 цаг 20 минут орчим алхаад далайн түвшнээс дээш 1950 м өндөрт орших оргил дээр гарахад Фүжи уул хажууханд нь харагддаг байна.

Байгалийн үзэсгэлэн бүрдсэн Япон орны ард түмний ёс заншил, өв уламжлал, соёлтой танилцах аялал үргэлжилж "Гэрэл асаая клуб"-ийн залуус тус бүс нутгийн хамгийн алдартай дарсны үйлдвэр "Okunota Winery"-д зочилсон. Гудамж дүүрэн торхтой дарс, усан үзмийн талбай, автоматажсан тохируулга бүхий усалгаа, дулааны систем, наранд гялтганах өнгө өнгийн шил, амталгаа хийх орчин гээд нүд булаах, сэтгэл сэргээх, сонирхол татах зүйл олон. Ер нь Яманаши хот усан үзмээрээ алдартай. Учир нь Япон улсад 100 гаруй усан үзмийн талбай байдгийн 50 гаруй нь тус хотод байдаг ажээ.

Мөн залуус ойролцоох Фүжияама хот руу зорчиж бяцхан шопинг хийхээр явж. Замд нь таарах цэвэрхэн өнгөлөг, бут сөөг, ногоо жимс, сонин содон мод ургамлаар хашаагаа чимэн суурьшсан сууринаар дайрч аж амьдралтай нь танилцсан байна. Тэнд гүзээлзгэнэ, усан үзэм, тоор, илжигэн чих зэрэг жимсний задгай талбай их. Хашаа хороо барьж хамгаалсан зүйл үгүй, ногоон ургамлаар цомхон зааг гаргасан нь ажиглагдана гэнэ. Хэн ч бусдын өмчид халдахгүй бөгөөд бусдад гай болохгүй амьдрахыг л хичээнэ. Япон хүмүүсийн дайчин, шаргуу хөдөлмөр гайхуулахгүй байхын аргагүй. Тэднээс сурах, мэдэх, хэрэгжүүлэх санаа, аливаад багахан сэтгэл гаргахад л ид шидийн мэт өөрчлөгдөх зүйл их байдаг гэдгийг аялал харуулсаар байв.

"Гэрэл асаая клуб"-ийн залуус 5 дахь өдрийн өглөө Яманаши мужаас Токио хотыг зорьж, замдаа Фүжи уулын хормойд орших сүшины газраар үйлчлүүлээд, 1200 жилийн настай "Асама" хийдээр зочилсон байна. Мөн "Сакаво" хэмээх далайн эрэгт очиж, хөлгүй их хөх цэнхэр далайг сонирхон таалснаа хуваалцсан. Хүчтэй давлагаан түрлэг, шорвог амт, халаасан мэт бүлээн байдал нь сонирхол татмаар бөгөөд хамгийн хачирхалтай нь эрэг ирмэг, орчин тойронд тас хар элс байсныг галт уулын ойролцоо байдаг учраас гэж хөтөч тайлбарлажээ.

Клубийн залуусыг Токио хотод GOOD олон улсын байгууллагын тэргүүн Кожи сан тэргүүтэй байгууллагын гишүүд халуун дотноор хүлээн авч уулзсан бөгөөд өнгөрсөн зун Монголд ирсэн найзуудтайгаа мөн уулзаж баяр хөөр болцгоосон нь илт.

Аяллын сүүлийн хоёр өдрийг залуус Токио хотын хүн амын соёл, сүр жавхлант бүтээн байгуулалтууд зэрэгтэй танилцахад зарцуулсан. Олон нийтийн унаанд сууж, метрогоор үйлчлүүлж, дэлхийн хамгийн өндөр барилга болох 634 метр TOKYO SKYTREE-ийн цамхагтай танилцжээ. Тус байгууламж нь Токиогийн Сумидад байдаг өргөн нэвтрүүлэг, ажиглалтын цамхаг бөгөөд сүрдмээр өндөр, гайхамшигтай уран хийц бүхий барилгын орой дээрээс Токио хот хот угсардаг лего тоглоом шиг харагдах нь гайхмаар.

Мөн дэлхийн хамгийн алдартай уулзвар болох Шибуяагаар клубийн залуус Монгол дээлтэйгээ алхаж, дурсамж бүтээсэн. Жуулчдын очиж үзэн, алхахыг хүсэх, Гиннест бүртгэгдсэн тус уулзвараар олон хүнтэй алхахад хэн ч түлхэхгүй, хэнтэй ч мөргөлдөхгүй байгаа нь сонин. Энэ тал дээр Япончууд маш сайн зохион байгуулалттай санагдсан. Мөн тус уулзвар дээр орших үнэнч гэдгээрээ алдартай Хачико нохойн хөшөөний дэргэд сонирхон зургаа даруулцгаасан байв.

Global Organization Of Dreamers клубийн залуусын Япон дахь байр, хоол, ажлын зардлыг хариуцсан нь маш том дэмжлэг болов. Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд ирэх жил тус байгууллагын залуус Монгол улсад ажиллана. Япон найзуудаа тэсэн ядан хүлээж байгаагаа, Монгол Япон хоёр улсын хамтын ажиллагааны түүхэнд шинэ дэвшилтэд алхам хийхийг хүсэж буйгаа залуус хэлж байв.

Түүнчлэн "Гэрэл асаая клуб"-ийн 16 залууд гайхалтай дурсамж бүтээх боломж олгон, хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны гүүр болж тусалж дэмжсэн Япон улсын элчин сайдын яамны хамт олонд талархал илэрхийлье.



Go to top of page